Saturday, March 2, 2013

Бүрхүүл..

Хүн бүр Дэлхий дээр анх мэндлэхдээ өөрийн гэсэн "бүрхүүл"-тэй төрдөг байхаа..
Тэгээд л энэ ертөнц дотроо зарим нь амьдраад,
зарим нэг нь хөрсөн дээр бууж амьдралтай нүүр тулдаг юм шиг.. 
Харин би энэ бүрхүүл дотроо яг 34 жил амьдарсан.
Ганцхан өөртөө л жаргалтай..Бодож санах зүйлгүй..
Хүссэн бүхнээ дураараа хийнэ. Мөрөөдсөн болгоноо авна.
Үргэлжийн л инээд хөөр, аз жаргалтай явдаг тийм л сайхан Ертөнц..

Нэг гэм нь бусдад тохиолдож байгаа зовлон, гунийгийг мэдэрч, ойлгож чаддаггүй..
Өөрт тохиолдсон азгүй явдлаас хөнгөхөөн гарчихдаг байсан болохоор
зовлоо гэж юугаа яриад байгаан бол гэж их гайхдаг байлаа.
Хүн бүр л над шиг амьдардаг юм байх гэж ойлгодог байсан, тийм гэнэн хонгор..
Ойр дотныхонд маань л зарим үед амаргүй байсан байх..
Азаар Бурхан надад өөртэйгээ адил намайг хайрлаж,ойлгодог сайхан
аав, ээж, дүү, охин, анд нөхөд, найз залуус хайрласан.
 Гэтэл энэ бүрхүүл маань нэг л өдөр хагарчихсийн..Төрсөн өдрөөр минь..
Битүү цасан шуургатай, урдах зам харагдахгүй байхад л Дорнодоос хот руу хөдөлж
байлаа..Оройдоо амжиж гэрийхэнтэйгээ бялуугаа идэх гээд..
 Гэртээ ирээд өрөө рүү шагайтал аавын минь жаазтай зураг, зулын гэрэл,
ээжийн өрөвдөлтэй харц, надад дөхөж чадахгүй хол зогсох найз залуу маань угтаж билээ..
Тэр бяцхаан зулын гэрэл ямар хүчтэй байваа..
Юуны ч өмнө сөгдөж үзээгүй өвдгийг сөхөрч унатал..
Ар нуруунаас хэзээ ч мартагдахгүйгээр хүйт оргитол..
Хамаг сайн сайхныг минь хоосон, үнс нурам болтол
асаж байсан, тэр зулын гэрэл..
Тэр үед араас минь тэврээд, нурууг минь дулаацуулчихсан бол
амьдрал яаж эргэх байсан бол гэж хааяа өөрөөсөө асуудаг л юм..
Ингэж л бүрхүүл минь үгүй болж, газар дээр бууж алхах ёстой байсан юм байлгүй дээ.. :)

 

No comments:

Post a Comment