Wednesday, November 30, 2011
Оюун санааны гэрэлтэх хүч буюу Далай ламын сургааль
Бид зөв хандлагыг танин мэдэж түүнд дадаж амьдралдаа хэрэгжүүлэх ёстой боловч бидний муу зүйлд илүү амархан даддаг нь бэрхшээл учруулж байна.Иймээс бид янз бүрийн муу зуршлуудыг зөв тогтоож түүнээс ангижрах хэрэгтэй. Хэрэв та нар аажим аажмаар муу зуршлаа хянаж сурвал хэсэг хугацааны дараа маш их уурладаг хүн ч тайван байдаг болно.
Зарим хүмүүс өөрийн сэтгэлээ чөлөөтэй байлгахгүй хянаад байвал эрх чөлөөгүй болно гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Та нарын сэтгэл зөв чиглэгдэж байвал эрх чөлөөтэй байнаа гэсэн үг.Харин буруу замд орох гэвэл хяналт тавих шаардлагатай. Муу сэтгэлээс ангижирч болох уу эсвэл түүнийг зөвхөн дарах уу гэсэн асуулт гарч байна. Сэтгэлийн өөрийнх нь мөн чанар тод гэрэл юм. Гаж үзэгдэл бол сэтгэлд оршдоггүй, харин түр зуурын буюу тохиолдлын үзэгдэл. Тийм ч учраас зайлуулж болдог. Хэрвээ уур, хорсол мэтийн сэтгэл нь сэтгэлийн өөрийн уг мөн чанар байсансан бол сэтгэл анхнаасаа хорсолтой байх болно. Гэхдээ угийн тийм биш учраас бид зөвхөн тодорхой тохиолдолд л уурладаг бөгөөд бусад тохиолдолд уур хүрдэггүй шүү дээ. Энэ нь хорслын ба сэтгэлийн мөн чанарыг гүн гүнзгий харах юм бол хоёулаа ухамсар боловч өөр хоорондоо ялгаатай гэдгийг илэрхийлж байгаа юм.
Хорслыг төрүүлж байгаа үндсэн нөхцөл нь юу вэ гэвэл энэ нь ямар нэгэн үзэгдлийг байгаа байдлаас нь хэтрүүлж муу муухай байна гэсэн нөхцөлд бий болдог. Иймд бидний уур хүрч байгаа үндэс нь бидний хүсч санасандаа хүрэхгүй байх явдал байдаг. Тийм ч учраас хорсол төрсөн сэтгэл нь зөв биш байдаг. Гэвч хайр энэрэл агуулсан сэтгэл бол бөх бат суурьтай байдаг. Тиймээс та нар нилээд урт хугацаанд бат бөх суурьтай сайн хандлагыг мэдэж авбал аяндаа муу хандлага чинь багасч эхлэнэ.
Хүний сэтгэл нь тэр чигээрээ гэрэл гэгээ, ухаан мэдлэгийн оршихуй учраас сэтгэлээ хөгжүүлбэл аажим аажмаар сайн хандлагыг хязгааргүй ихээр мэдэх болно. Бидний сэтгэл их юм тогтоож чаддаг гэдгийг хэн бүхэн мэддэг. Бага багаар нь ухаарсаар байгаад их юмыг мэддэг болдог. Өнөөдөр бид гайхалтай ихээр тогтоож чадахгүй ч гэлээ ухамсрын түвшин маань ихэссээр байгаа. Хэрвээ бид улам нарийн ширийн түвшингээ ашиглавал бүр ч ихийг мэдэх болно. Хүний сэтгэл гэгээрлийн мөн чанартай учраас юм бүхнийг мэдэх увидастай гэдэг. Гүн ухааны үүднээс энэ нь сайн хандлагыг хязгааргүй хөгжүүлж болно гэсэн үг.
Өдөр тутмын амьдралдаа өөрийн сэтгэлийн мөн чанарыг мэдэж түүн дээрээ төвлөрөх нь ач тустай байдаг. Үүний хэцүү тал нь бидний сэтгэлийг өөрсдийн маань бодлууд бүрхсэн байдаг. Тийм учраас урьд өмнө юу болсоныг бодохоо боль, ирээдүйд болох юмыг ч бодохоо боль. Өөрийнхөө сэтгэлээ ямар нэгэн бодлоос чөлөөтэй, тэр чигээр нь сул тавь. Сэтгэлээ өөрийнх нь төрхөөр байлгаад ажиглаад үз. Аажимдаа сэтгэл чинь тунгалаг ус шиг болно. Тэгээд ийм цэвэр сэтгэлээ өөрийн бодол хандлагад автуулахгүй цэвэр чигээр нь байлга. Өглөө эрт сэтгэл чинь сэрээд тунгалаг байх бөгөөд бүх эрхтэнийг бүрэн гүйцэд ажиллаж эхлээгүй байхад ийнхүү бясалгал хийхэд сайн байдаг. Урьд орой нь хэт их юм идээгүй, мөн хэт их унтаагүй байвал маргааш өглөө сэтгэл чинь хөнгөн хурц байдаг. Аажимдаа сэтгэл чинь тогтворжиж сэтгэх чадвар, ой чинь тод болно. Энэ дасгал тэр өдөртөө та нарын ухааныг соргог байлгаж чадаж байгаа эсэхийг ажигла. Үүний үр дүнд таны бодол санаа чинь тогтуун болж эхлэнэ. Ой ухаан чинь сайжрах тутам анхаарал чинь сайжирч аажмаар далд юмсыг үзэх увидас хөгжинө. Цаашдаа сэтгэл чинь улам хурц соргог болох тул та түүнийгээ өөрийнхөө дуртай салбартаа ашиглаж болно. Сайн муу аливаа юмыг бодож байдаг зуршил чинь ч аажмаар арилна.
Сансар огторгуй хэдий чинээ удаан үргэлжилнэ, хүмүүн төрөлхтөн хэдий чинээ удаан оршин тогтоно төдий чинээ миний бие сэтгэхүй ертөнц дээрх гай түйтгэрийг арилгахын тусын тулд амьдарсаар байх болов уу.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment