Thursday, January 26, 2012

Та усанд орох дуртай юу?

Бид өдөр бүр шахуу биеэ угааж, ариун цэврийг сахидаг. Шүршүүр бол хамгийн хурдан, энгийн арга.Өглөө ороход нойр сэргэж, бие хөнгөрдөг бол орой ороход ядаргаа тайлагдаж, бие амардаг.


Харин бидний эмэгтэйчүүд цаг зав гарвал далайн давстай,хөөстэй, сүүтэй,содтой гээд олон төрлийн ваннанд орох дуртай. Арьсыг торго шиг зөөлөн болгохоос гадна над шиг шүлсээ залгиад таргалчих гээд байдаг хүнд усан дотор хөнгөхөн дасгал хийхэд жин хасагдсан байдаг.Дараа нь шүршүүрт орохдоо бүлээнээс хүйтэн рүү аажмаар дасгаж орвол биеийг чийрэгжүүлж, зүрх судасны ажиллагааг дэмждэг. Дээрээс нь бас л жин хасагдаж бүх эд эсийг сэргээдэг.Ингээд уснаас цэвэрхэн болоод гараад ирэхэд нэг л юм дутуу.


Сэтгэл маань бас цэвэрлэгдэхийг хүсдэг. Хэрэгтэй хэрэггүй, эсэн шидийн бодлуудад дарагдаад бүүр бохирдчихсон. Тэрнээсээ болоод аз жаргал, амар амгалан, инээд хөөрийг мартах шахдаг. Тиймээс усанд орсон даруй нам гүм, цэвэрхэн орчинд өөртөө эвтэйхнээр завилж суугаад хэдэн хором юу ч бодолгүй амьсгалаа орж гарч байгаагаа ажиглан сэтгэлээ цэвэрлээд үзээрэй.

Tuesday, January 24, 2012

Өчүүхэн дуулал


Сэмжин цагаан үүл арилаахаасаа урьд
Сэрүүн зөөлөн хураа оруулбал сайнсан
Идэр залуу цогоо буурахаасаа урьд
Их тустай хэргээ бүтээвэл сайнсан

Галуу шувуу өвөл болохоос урьд
Газрын дулааныг шилж олбол сайнсан
Номч мэргэд үхэл ирэхээс урьтаж
Нот үнэнийг олж авбал сайнсан

Хайртай янаг амрагаасаа салахын урьд
Халамжит зүрхний үгийг авбал сайнсан
Багш шавь хоёр холдохоосоо урьд
Бясалгал хийж бүтээвэл сайнсан

Тансаг цэцгийг хуучрахаас нь урьд
Тахил болгон өргөвөл сайнсан
Эрхтэний чадлыг доройтохоос нь урьд
Эрдмийн шимийг хүртвэл сайнсан

Данзанравжаагийн шүлэг

Monday, January 16, 2012

Николай Стариков - Шерше ля нефть


Хар алтны төлөөх томоохон гүрнүүдийн улс төрийн бодлого, хоорондын тэмцлийг Оросын сэтгүүлч өөрийнхөө өнцгөөс харж, Оросын ард түмэнд зориулж энгийн үгээр бичсэн ном.
Газрын тос болон бензин, түлшний үнэ хэлбэлзэхэд хэнд ашигтай байдаг талаарх бодлоо дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Сэтгүүлчийн блог болон бичсэн номуудыг эндээс харж болно.
http://nstarikov.ru/category/books

Thursday, January 5, 2012

5. Хүүхдээ хүндэлье


Зарим эцэг эхчүүд үр хүүхэддээ анхаарал хандуулж байна гээд бүх зүйлийг нь зааж сургаж, өмнөөс нь шийдвэр гарган бие даах чадваргүй болгодог талтай. Хүүхдэд өөрийнх нь эрх чөлөөг олгож мэдрүүлснээр өөрт тохирох сонголт шийдвэрийг гаргаж сурна. Харин хүүхдээ нүхэнд унагахгүйн тулд бид анхааралтай ажиглах хэрэгтэй.Амьдралд хэрэгцээгүй зүйлийн талаар хүүхэдтэйгээ хуваалцахгүй байхыг хичээгээрэй. Ингэснээр аль аль талдаа итгэл, хүндэтгэлийг бий болгоно. Ихэнх эцэг эхчүүдийн алдаа бол бүгдийг мэддэг юм шиг дүр эсгэж, үгэндээ оруулах гэж загнан, өөрсдийгөө хүндлүүлэхийг хүсдэг ч бүх зүйл 2 талаасаа байдгийг мартдаг. Та хүүхдээ хүндэлвэл тэр таныг хүндэлнэ. Та хүүхэддээ итгэвэл хүүхэд тань танд итгэнэ.
Ошо багшийн сургаалиас

Wednesday, January 4, 2012

Монголын түүх

Миний хамгийн дургүй хичээл түүх, газарзүй байсан. Сонирхдоггүй байсан болоод л тэр байх. Эсвэл уншаад ч ойлгодоггүй байсан юмуу. Бага байхдаа томчуудын л сэдэв гэж бодож байлаа. Одоо унших сонирхол төрснийг бодвол би том болсон юм шиг байна. Гэтэл өчигдөр бариад уншсан чинь охин маань хамт уншья гэнэ. Гайхлаашд?? Хамт уншихаас..



Энэ номонд тэр үеийн газрын зурагнуудыг оруулаад, бас өнгөт зураг нэмж хийвэл илүү сонирхолтой болох байх гэж төсөөллөө. Унших явцад Google image-дэж сууна.

Tuesday, January 3, 2012

Киви

Оройн хоолонд жимс.. Жимсэнд тийм ч дуртай биш. Гэхдээ эрүүл мэндээ бодоод идэх гэж хичээж байна.


-бусад жимсийг бодвол илүү витамин, эрдэс агуулсан
-хүнд шаардагдах өдрийн витамины нормыг хангахуйц, ялангуяа С витамин ихтэй
-цусан дах илүүдэл холестериныг зайлуулж, таргалалтаас сэргийлнэ
-гэдэс дүүрэх, ходоод халуу оргихоос хамгаалж хоол боловсруулалтыг идэвхжүүлнэ
-зүрх, судасны үйл ажиллагааг дэмжиж өгдөг
-хэт их идвэл зарим хүнд, ялангуяа хүүхдүүдэд аллерги үүсгэх магадлалтай
-сахарын агууламж багатай тул чихрийн шижинтэй хүмүүст тохиромжтой
-шүүсийг нь шахаад өдөр бүр 1 аягыг 1 сар уухад биеийн эсэргүүцлийг сайжруулна, ханиадыг эдгээнэ.